Monday, October 26, 2009

Номын сайн нөхөрт дуулгах сонин

Миний бие бээр үзсэн харсан шалихгүй, мэдэх чадахаар гавихгүй ч ном гээч ариун эрдэнийг хүндэтгэн дээдэлж, дурласнаа боломжийн хэмжээнд цуглуулж, уншиж ухамсарлаж явдаг нэгэн билээ. Монголын жирийн нэг ажилчин, албан хаагчийн төлөөлөл маньд хүссэн номоо захиалан авчруулах[1] бололцоо тэр бүр байхгүй. Сайн ном дор хаяад 50-с 60 ам.доллар гэхээр 2 ном аваад хоосон хонох уу, 2 номоо мартаад хоолтой хонох уу гэдэг дээр сонголт хийх шаардлага байнга гарна. Харамсалтай нь миний сонголт үргэлж 2 дахь нь :(

Бодит байдал иймийн атал ном унших хорхойгоо дарж ер чадахгүй нь. "Ном унших нь ариун үйл.", "Номын хулгайг хулгай гэдэггүй!" мэт хэн хэзээ зохиосон нь үл мэдэх хэлцээр гэмээ цайруулахаа аядаж, энд тэндэхийн вебээс уншья гэсэн номоо хурааж, цуглуулж суудаг. Хэдүй үнэ төлбөргүй татдаг ч, угтаа бол хууль бус үйлчилгээ ашиглаж байгаа санагддаг. Миний адил зовлонтой олон залуус бий.

Thursday, October 22, 2009

Bash use case: Downloading Railscasts

Сүүлийн хэд хоног Rails-ийг нилээд эрчимтэй үзэж байна. Жилийн өмнө нэг ном уншсан, хэргийг нь гаргахгүй байсаар бараг мартаж орхиж. Уул нь бол зөндөө л ном байна, бүгдийг нь ухаад суухаар нэлээд цаг зарах шинжтэй. Харин rubyonrails.org-ийн документац хавиар хэсч яваад, Railscasts хэмээх нээлттэй видео хичээлтэй нэлээдгүй хэрэглүүштэй сайт байдгийг мэдэж авлаа.

Хичээлүүд нь их ойлгомжтой, амьдралтай. Товч бөгөөд тодорхой. Янзтай. Харин вебээр үзэхээр энд тэнд дарж, хуудас лоод хийхийг хүлээж суух нь жаахан залхуу хүрмээр. Болдог бол бүгдийг нь татаж аваад(import into media player list), эхнээс нь дуустал үзэх юмсан. Ер нь хоёр дэлгэцнийхээ нэг дээр нь гаргачихаад, хэрэгтэйг нь тогтосхээд үзээд байвал нь тун догь, цаг хугацааны хувьд хэмнэлттэй ч юм шиг, нэг сумаар хоёр туулай буудах тухай л яриа юм.

Сайтын html кодыг сонжихнээ тун цэгцтэй санагдсан тул жижиг робот бичээд, гүйлгэчихмээр санагдлаа. За ингээд гялс нэг скеч бичээд, жаахан дебагдаж, зүгшрүүлээд бидний робот бэлэн боллоо:

railscast_video_downloader.sh
Энэ скриптийн эх миний git repo дээр бий.


Кодын мөр бүрийг тайлбарлалтгүй байх аа, хараад л ойлгох биз. Гэхдээ скриптийн онцлогоос дурдъя:
  • Бүх видео хичээлийг татна. Хуудас дамжин crawl хийнэ.
  • Татац ямар хавтаст хураагдахыг тохируулах боломжтой. Одоогийнхоор бол скрипт байгаа газарт 'movies' хавтас үүсгээд, түүний дотор цуглуулна.
  • Татах хурдыг тохируулна. 20K/s гээд хязгаарласан тохиолдолд хавь орчиндоо балаг тарихгүй.
  • Таталт хооронд бага зэрэг амсхийнэ. Серверт тустай байж болох юм.
  • Татсан файлыг дахин татахгүй. Харин дутууг зогссон газраас нь үргэлжлүүлнэ. Тийм болохоор асааж, унтрааж, хэдэн өдөр дамнуулан ажиллуулсан ч болох нь!
За ингээд хичээлээ үзье:

Татаад авчихсан болохоор гэрийн интернэт удаан байх нь эрдэм номд шимтэх ариун үйлсэд саад болж үл чадмой ;)

Видео нь чанартай, бичлэг сайтай юм гээч! Өөр, өөрийн онцлогтой 180 хичээл байна. Сайхаан!

Тэмдэглэл:
Очко багшийн бичсэн "Ruby use case : Downloading Монголын Нууц Товчоо"-г сонирхоорой. Богинохон, цэгцтэй програм бий.

Линукс - хөгжүүлэлт хийхэд нэн таатай орчин. Хийх ёстой зүйлээ юунаас ч илүү хийх олон жижиг програмын цуглуулга. Эдгээрийг өөр хооронд нь угсарч, залгаад нилээд төвөгтэй ажиллагааг тун амархан шийдчихнэ. Бүтээмжийг их өргөнө. Юникс философи гэж тусдаа лут сонирхолтой сэдэв бий. Энэ талаар пост бичихээр төлөвлөөд, материал цуглуулж байна.

Saturday, October 17, 2009

Загварын шоу үзэж баймаар юм байна

Өнөөдөр Говь ХК-иас зохион байгуулж буй Fall/Winter 09'10 Fashion Show-ийг сонирхлоо. Амьдралдаа анх удаа загварын шоу үзэж байгаа минь энэ юм. Гайхалтай сайхан байлаа.

Угтаа бол миний бие хувцас урлал сонирхдоггүйн дээр, загвар өмсөгчдийг тэнгэрийн явдалтай, тэнэгдүү байрын хүмүүс гэж төсөөлж явдаг. Алдаа байсан шиг байна аа, найзууд аа. Уучлаарай ;)

Дизайнер хүний ур ухаанаа шингээсэн бүтээлийг амилуулж буй эдгээр бүсгүйчүүлийн донжтой алхаа, мэргэжлийн үзүүлбэр цаанаа л нэг эрч хүчтэй, урам зоригтой юм. Үзсэн хүний нүд баясч, сэтгэл сэргэмээр. Ялангуяа сонгодог хөгжмийн аянд, үдшийн даашинзтай бүсгүйчүүл маань ямар сайхан харагдаж байсан гээ? Үнэнхүү бахадмаар. Гоо сайхан ертөнцийг аварна аа гэдэг нь ер нь үнэн байх. Танхим дүүрэн хүн нижигнэсэн алга ташилтаар талархал илэрхийлнэ лэ. Загвар өмсөгчдөөс гадна дизайнер, арга хэмжээг зохион байгуулагч нарт их сайхан урам болсон байх.

Бодохнээ, загварын шоу үзэж баймаар юм байна. Залуу нас, өнгө жавхаа бидэнд эрч хүч өгөхгүй гэж үү? Ер нь л гоё мэдрэмж... Үзүүлбэрийн дараа эрчүүд эхнэртээ ганц аятайхан цамц аваад өгчиж баймаар юм билээ, сайхан л бэлэг болно.

Цөөн хэдэн зураг дарсныгаа та бүхэнд сонирхуулъя. Ер нь урлагийн тоглолт зэрэг анивчсан, гялалзсан, нөгөө талаар гэрэл багатай орчинд сайн флаш, линзгүйгээр чанартай зураг авна гэдэг их хэцүү эд бололтой. Блюртэй гараад ер болдоггүй, ISO 1600 -аар л авлаа да. Түүнээс гадна камерны зай дуусаад яг өнөө үдшийн даашинзтай оргил хэсгийн зургийг дарж чадаагүй :( Чамлахаар чанга атга!

Зураг №1. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Butterfly)


Зураг №2. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Lady Brown)


Зураг №3. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Once in America)


Зураг №4. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Lady Purple)

Зураг №5. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Jet Li? )


Зураг №6. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Beauties)


Зураг №7. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Alaska?)


Зураг №8. Загвар өмсөгч . . . . . . . . .
(Metropolitan)


Тэмдэглэл: Загвар өмсөгчдийн нэрийг мэдэхгүй тул зургийг дугаарлан, нэрийн оронд цэг тавьлаа. Таних хүний тань зураг энд тавигдсан бол нь нэрийг нь комментоор үлдээнэ үү. Зурагнуудад нэр санал болгосон ч бас болох.

2009.10.16