Showing posts with label ulaanbaatar. Show all posts
Showing posts with label ulaanbaatar. Show all posts

Friday, January 8, 2010

Тэнгэрийн орноор, түүнээс бас жаахан доохнуур

Зураг дээр энүүхэн гүвээний цаахнээ уудам тал хөндий цэлийж байгаа нь тодорхой харагдана. Аль эсхүл асар том нуур дүн өвлийн хүйтэнд зайрмагтан мөстөөд, цасан хучлагаа зузаан гэгч нөмөрсөн нь ч юм шиг. Тэнгэр нь цэлмэж, нар нь илчээр аргадсан сайхан ч нутаг аа да... Ийм сайхан агаартай, тэнүүн тэлгэр нутагт чинь санаснаар болдог бол утаат Улаанбаатараа муу муухайгаас нь салгаад, нүүлгээд ирэхсэн. Юу ч болов, гүвээний орой дээр гарч, хавь ойрын барааг жаал ажиглая байз.


Өө дамшиг, уул шугамандаа энэ хөндий чинь Улаанбаатар минь байсан шив дэ. Гэр хороолол, дулааны станц, автомашин, үйлдвэр завод гээд ер нь бүх зүйлийнх нь утаа сүлэлдэн хөшиглөөд газрын гадаргаас нэг их дээшилж шалилгүй тунараад тогтчихсон нь энэ юм байж. За тэгээд утаат Улаанбаатарын талаар хүн бүр л нэгийг өгүүлж суудаг хойно, би энд давтаж бувтнаад ч нэмэргүй биз дэ хө. Зүгээр л цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, сэтгэл тэнүүн амьдрахсан.