Хэд хоногийн өмнө 10,000 төгрөгөөр
Жоорж Оруэлл - Эзнээ сольсон нь, Шолохов - Дөлгөөн Дон I,II, Жюль Верн -Дэлхийг тойрсон 80 хоног, Дашдэлэг, Октябрь нарын - Орон орны хоол зэрэг нэлээд хуучны номнууд худалдаж авлаа. Хэвлэгдээд өчнөөн жил болсон ч эдэлгээ нь харин шинээрээ шахуу юм, магадгүй хаа нэг аймгийн төвийн номын санд он удаан жил дарагдаж хэвтээ биз. Харин өнөө шинээр хэвлэгдсэн ганц ном л 15,000 төгрөг буюу эдгээрийг авдгаас хавьгүй үнэтэй байгаа.
Шинээр авсан номнууд
....Хэдэн жилийн өмнө Хятад руу гаргахаар зэхэж байсан вагонд гаалийнхан шалгалт хийхэд 40тоннын контэйнер дүүрэн ховор уран зохиолын номнууд гарчээ. Одоо бидний эрээд олддоггүй дээхэн үеийн мундаг зохиолч, орчуулагчдын гайхамшигтай бүтээлүүд зүгээр л урд хөршийн 00-ийн цаасны үйлдвэрт түүхий эд болон ачигдсан нь тэр байж. Тэр чигтээ гараад явчихсан бол, гөө мөн хайран аа. Магадгүй өмч хувьчлалаар номын сангийн барилгыг хувьчилж авсан нөхөр тавиур дүүрэн номоо яажшуухан хэдэн цаас болгох аргаа олж ядаж ядаж, эцэст нь урагш ачуулах "супер" шийдэл олсон нь тэр байх. Ачаа ч хураагдаж, хэдэн жилийн дараа арай сэтгэлтэй хүний ч гарт очиж. Номонд хорхойтой хүмүүс
энэ хуудсаар нэг ороод гараарай.
Ингээд ном авсан өдрийнхөө оройноо "Жоор Оруэллийн Эзнээ сольсон нь"-ийг уншиж дуусгалаа. Бурангуй нийгэм, түүний үр урхагийн талаар энгийн үгээр, тун ч ёжтойхон бичсэн зохиол аж. Сайн ч орчуулсан байна.
Гол баатруудАнглийн хөдөө тосгон, ноён Жонсын ферм. "Өөдгүй" архичдад зарагдсаар залхсан амьтад хувь заяандаа их л гутарцгаах аж. Мажор нэртэй бодон үхэхийн өмнө энэ насныхаа мөрөөдлийг амьтдад ярина. Бослого гаргаж, хүмсийг хөөж явуулаад бүх амьтад тэгш эрхтэйгээр, хувь заяагаа өөрсдөө мэдэж, баян цатгалан амьдрах тийм сайхан цаг үе хэзээ нэгэн цагт ирэх тухай хүүрнэнэ. Бодон өнгөрөөд удалгүй амьтад бослого гаргаж, фермийн хяналтыг гартаа авна. Бүх амьтад тэгш эрхтэй ба нэг амьтан нөгөөнхөө амийг хөнөөхгүй байх, ор хөнжил, хувцас хунарыг хэзээд хэрэглэхгүй гэх мэт 7 заалттай хуулийг бүх нийтээр батална. Өөрсдийгөө хамгийн ухаантай нь гэж тас мэлзэх гахайнууд удалгүй шийдвэр гаргах бүхий л эрх мэдлийг авах ба ферм тун аажмаар урьд байснаас ч бүр дор боолын газар болж хувирна. Бусад амьтад үүнийг эс анзаарах бөгөөд одоогийн нөхцөл байдал нь ямар ч болов Жонсын үеийнхээс хавьгүй дээр гэдэгт итгэсээр байх болно. Хуучин батласан хууль нь "Бүх амьтан тэгш эрхтэй, түүний дотор гахай бүр илүү тэгш эрхтэй" гэсэн марзан тунхаг болсныг хэн ч үл анзаарах ажгуу.
Зохиогч(1903-1950) тухайн үеийн Сталин, түүний тойрон хүрээлэгсдийн бий болгосон тоталитар тогтолцоог шүүмжилж ийн бичиж байжээ. Бүр номын баатруудаар тодорхой хүмүүсийг хүртэл
төлөөлүүлсэн нь байх юм. Харин миний бодоход энэ номон дээрх бүх зүйл манай Монголд биежилтээ бүрэн олоод байгаа юм шиг... Төрийн албан тушаалыг хувьдаа урвуулан ашигладаг, хувийн компани шигээ ойлгодог ухнууд. Хүчээр дарамтлах олигархиуд, хүний амийг нохой хуцахын дайтай үл ойшоох муйхрууд. Дарлагдсаар, мунхарсаар нөхцөл байдалтайгаа нэгэнт эвлэрч эхлээд буй хүн зон. Ай да, гурвалжин дөрвөлжин алаг эрээн хорвоо юу?
Харин та юу гэж бодож байна?
========================================
Хавсралт: