Showing posts with label books. Show all posts
Showing posts with label books. Show all posts

Thursday, November 19, 2009

Хархулангийн бөгж

Хархулангийн бөгж романыг өчигдөр худалдан авснаа, дэндүү сонирхолтой байсан тул, шөнө дунд болсныг ч үл анзааран нэг суурин дээр уншиж дуусгалаа.

Баларсан, өнгөрсөн, одоо хэмээх 3 үеийг нууцлаг боловч, уран сэжмээр гайхалтай сайхан холбож өгчээ. Тэр Хархулангийн цайз руу нэвтрэх хэсэг, Манжуурт амь сөрөн урагшлах эрэлхэг монголчууд, ухаант эмэг эх, аюулт зандалчдаас арга эвийн ухаанаар дутаах Хантайн адал явдал мэтээр үнэнхүү сонирхолтой сэтгэмж, дүр зураг цааш хөвөрнө...

Ахас өвгөдийг хүндлэх ариун заншил, чигч шударгуу баримтлал, улс түмний тусын тулд амиа ч золих агуу сэтгэл, хэлсэн ярьсандаа ямагт үнэнч байх чанар зэрэг өнөө бидэнд үнэхээр дутагдаж буй үнэт зүйлсийг уран үгс, утгын чимгээр бахдалтайяа гаргаж.

Үлгэр дандаа сайнаар төгсдөгийн адилаар зохиол маань ч гэрэл гэгээлгээр жарган байна. Зохиолч өөрийгөө Нирунзу хэмээн нэрийдсэн ба ямар аавын хэн гэдэг хүү болохыг мань үнэхээр мэдэж чадсангүй. Ямартай ч амьдралын хал чулуу, халуун хүйтнийг амсахаараа нэг болсон өндөр боловсролтой, зүрхэндээ галтай жинхэнэ монгол хүн(эр?) бололтой.

Хавтас, хэвлэлийн цаасыг имэрвээс байдаг л нэг номхон санагдах биз. Гэхдээ балын амт нь цагаан дээр хараар жирийсэн үгс, өгүүлбэрт байгаам. Уншаад үзэгтүн, утгын урныг мэдэрч, хавьд амсаагүй сэтгэлийн таашаалыг эдэлнэ гэдэгт миний бие бардам итгэж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Хавсралт:
=========================================

Monday, October 26, 2009

Номын сайн нөхөрт дуулгах сонин

Миний бие бээр үзсэн харсан шалихгүй, мэдэх чадахаар гавихгүй ч ном гээч ариун эрдэнийг хүндэтгэн дээдэлж, дурласнаа боломжийн хэмжээнд цуглуулж, уншиж ухамсарлаж явдаг нэгэн билээ. Монголын жирийн нэг ажилчин, албан хаагчийн төлөөлөл маньд хүссэн номоо захиалан авчруулах[1] бололцоо тэр бүр байхгүй. Сайн ном дор хаяад 50-с 60 ам.доллар гэхээр 2 ном аваад хоосон хонох уу, 2 номоо мартаад хоолтой хонох уу гэдэг дээр сонголт хийх шаардлага байнга гарна. Харамсалтай нь миний сонголт үргэлж 2 дахь нь :(

Бодит байдал иймийн атал ном унших хорхойгоо дарж ер чадахгүй нь. "Ном унших нь ариун үйл.", "Номын хулгайг хулгай гэдэггүй!" мэт хэн хэзээ зохиосон нь үл мэдэх хэлцээр гэмээ цайруулахаа аядаж, энд тэндэхийн вебээс уншья гэсэн номоо хурааж, цуглуулж суудаг. Хэдүй үнэ төлбөргүй татдаг ч, угтаа бол хууль бус үйлчилгээ ашиглаж байгаа санагддаг. Миний адил зовлонтой олон залуус бий.

Tuesday, June 23, 2009

Жоорж Оруэлл - Эзнээ сольсон нь

Хэд хоногийн өмнө 10,000 төгрөгөөр Жоорж Оруэлл - Эзнээ сольсон нь, Шолохов - Дөлгөөн Дон I,II, Жюль Верн -Дэлхийг тойрсон 80 хоног, Дашдэлэг, Октябрь нарын - Орон орны хоол зэрэг нэлээд хуучны номнууд худалдаж авлаа. Хэвлэгдээд өчнөөн жил болсон ч эдэлгээ нь харин шинээрээ шахуу юм, магадгүй хаа нэг аймгийн төвийн номын санд он удаан жил дарагдаж хэвтээ биз. Харин өнөө шинээр хэвлэгдсэн ганц ном л 15,000 төгрөг буюу эдгээрийг авдгаас хавьгүй үнэтэй байгаа.

Шинээр авсан номнууд

....Хэдэн жилийн өмнө Хятад руу гаргахаар зэхэж байсан вагонд гаалийнхан шалгалт хийхэд 40тоннын контэйнер дүүрэн ховор уран зохиолын номнууд гарчээ. Одоо бидний эрээд олддоггүй дээхэн үеийн мундаг зохиолч, орчуулагчдын гайхамшигтай бүтээлүүд зүгээр л урд хөршийн 00-ийн цаасны үйлдвэрт түүхий эд болон ачигдсан нь тэр байж. Тэр чигтээ гараад явчихсан бол, гөө мөн хайран аа. Магадгүй өмч хувьчлалаар номын сангийн барилгыг хувьчилж авсан нөхөр тавиур дүүрэн номоо яажшуухан хэдэн цаас болгох аргаа олж ядаж ядаж, эцэст нь урагш ачуулах "супер" шийдэл олсон нь тэр байх. Ачаа ч хураагдаж, хэдэн жилийн дараа арай сэтгэлтэй хүний ч гарт очиж. Номонд хорхойтой хүмүүс энэ хуудсаар нэг ороод гараарай.

Ингээд ном авсан өдрийнхөө оройноо "Жоор Оруэллийн Эзнээ сольсон нь"-ийг уншиж дуусгалаа. Бурангуй нийгэм, түүний үр урхагийн талаар энгийн үгээр, тун ч ёжтойхон бичсэн зохиол аж. Сайн ч орчуулсан байна.

Гол баатрууд

Английн хөдөө тосгон, ноён Жонсын ферм. "Өөдгүй" архичдад зарагдсаар залхсан амьтад хувь заяандаа их л гутарцгаах аж. Мажор нэртэй бодон үхэхийн өмнө энэ насныхаа мөрөөдлийг амьтдад ярина. Бослого гаргаж, хүмсийг хөөж явуулаад бүх амьтад тэгш эрхтэйгээр, хувь заяагаа өөрсдөө мэдэж, баян цатгалан амьдрах тийм сайхан цаг үе хэзээ нэгэн цагт ирэх тухай хүүрнэнэ. Бодон өнгөрөөд удалгүй амьтад бослого гаргаж, фермийн хяналтыг гартаа авна. Бүх амьтад тэгш эрхтэй ба нэг амьтан нөгөөнхөө амийг хөнөөхгүй байх, ор хөнжил, хувцас хунарыг хэзээд хэрэглэхгүй гэх мэт 7 заалттай хуулийг бүх нийтээр батална. Өөрсдийгөө хамгийн ухаантай нь гэж тас мэлзэх гахайнууд удалгүй шийдвэр гаргах бүхий л эрх мэдлийг авах ба ферм тун аажмаар урьд байснаас ч бүр дор боолын газар болж хувирна. Бусад амьтад үүнийг эс анзаарах бөгөөд одоогийн нөхцөл байдал нь ямар ч болов Жонсын үеийнхээс хавьгүй дээр гэдэгт итгэсээр байх болно. Хуучин батласан хууль нь "Бүх амьтан тэгш эрхтэй, түүний дотор гахай бүр илүү тэгш эрхтэй" гэсэн марзан тунхаг болсныг хэн ч үл анзаарах ажгуу.

Зохиогч(1903-1950) тухайн үеийн Сталин, түүний тойрон хүрээлэгсдийн бий болгосон тоталитар тогтолцоог шүүмжилж ийн бичиж байжээ. Бүр номын баатруудаар тодорхой хүмүүсийг хүртэл төлөөлүүлсэн нь байх юм. Харин миний бодоход энэ номон дээрх бүх зүйл манай Монголд биежилтээ бүрэн олоод байгаа юм шиг... Төрийн албан тушаалыг хувьдаа урвуулан ашигладаг, хувийн компани шигээ ойлгодог ухнууд. Хүчээр дарамтлах олигархиуд, хүний амийг нохой хуцахын дайтай үл ойшоох муйхрууд. Дарлагдсаар, мунхарсаар нөхцөл байдалтайгаа нэгэнт эвлэрч эхлээд буй хүн зон. Ай да, гурвалжин дөрвөлжин алаг эрээн хорвоо юу?

Харин та юу гэж бодож байна?

========================================
Хавсралт:
  • Зохиол нийт 10 бүлэгтэй ба, бүлэг тус бүрийг тун эвтэйхэн хураангуйлсныг эндээс үзэж болно: http://www.online-literature.com/orwell/animalfarm/
  • Номын хавтасны зургийг тун удахгүй тавих болно ;)