Tuesday, December 28, 2010

Power Session with Screen No.2

Терминалийн олон цонхтой ажилладаг хүнд бол screen хамгийн догь таарах байх. Цонхноос цонхонд шилжих, copy+paste хийх, текст хайх зэрэг нь үнэхээр гарын дор. Өөрийн ашигладаг аргачлалаа хуваалцъя.

Screen цонхон дотор таабууд нээх боломжтой. Өнгө будаг, харагдац мэтээр нэмэлт тохиргоог бүрэн хийдэг. Үүнийг .screenrc файлд байршуулна. .vimrc файлаар Vim-ийн анхдагч араншинг тодорхойлдог шиг.

screen дотор хэд хэдэн тааб нээхэд нэр нь 0 bash | 1 bash | 2 bash мэтээр харагдах вий. Аль таабад нь юу байгаа нь мэдэгдэхгүй жаахан төвөгтэй. Ctrl + a; Shift + a коммандаар таабын нэрийг солих боломжтой. Энэ мэтээр дараахь 3 цонхыг нэрлэсэн байна гэж саная:

0 log | 1 emacs | 2 test/spec

Ctrl + a; 2 түлхүүрээр test/spec цонх руу, Ctrl + a; 0 -оор лог урсаж байгаа цонх руу үсрэх нь. Таабыг дараалан шилжиж байж сая зорьсон газраа ирдэгийн дэргэд бол том дэвшил.

Програм бичих бүрт screen тааб нээх, нэрлэх комманд цохихоос жаахан төвөгшөөж байгаа бол нь доорхи жижиг скриптийг .profile, эсхүл .bashrc файлдаа хуулаарай. Хэрэглэгч логин хийх бүрт $HOME/.railsdev файлыг үүсгэх боловч, shell-тэй холбоотой бүх тохиргоо нэг дор байх юм, өөрөөр хэлбэл засварыг нэг л файлд хийнэ гэсэн үг. За тэгээд төстэй байдлаар янзан бүрийн workspace үүсгэж болно. Доорхи жишээний хувьд терминаль дээр railsdev гэсэн комманд цохиход миний өмнө 0 server | 1 shell | 2 coding | 3 irb | 4 dbconsole гэсэн тааб бүхий screen програм нээгдэх нь.


Зураг 1. 5 тааб бүхий workspace үүссэн байдал

Файлын агуулга:

===== $HOME/.bashrc =====

cat <<END > $HOME/.railsdev
source $HOME/.screenrc
screen -t server
screen -t shell
screen -t coding
screen -t irb
screen -t dbconsole
END

function railsdev {
screen -S railsdev -c $HOME/.railsdev
}

==== $HOME/.screenrc ====

defencoding utf8
hardstatus on
hardstatus alwayslastline
hardstatus string "%{= wk} %-w%{=b dk} %n %t %{-}%+w %= [%H] %m/%d %c%{-}"
bind s colon "screen ssh"
defscrollback 1024

attrcolor b ".I"
termcapinfo xterm 'Co#256:AB=\E[48;5;%dm:AF=\E[38;5;%dm'
defbce "on"
term xterm-256color


Эрхэмээгийн бичсэн "Power Session with Screen" постыг заавал уншаарай. Сисадминууд, connection over ssh ашигладаг хүмүүст ихээ хэрэгтэй эд. Удалгүй хэн нэгэн нь Power Session with Screen No.3-г бичих байх аа гэж найдаж байна.

Уг постыг бичих санаа Google Buzz дээр өрнөсөн энэ хэлэлцүүлгээс үүдэлтэй болно. Нэг харчихаарай, хэрэгтэй зүйл нэмэгдсэн байх вий.

Update: Доорхи .screenrc файлаар screen маань cygwin дээр асуудалгүй ажиллах нь.


$ cat .screenrc
# Change scrollback to 10000 lines
defscrollback 10000

# status line at the bottom
hardstatus on
hardstatus alwayslastline
hardstatus string "screen %n (%t)%? [%h]%?"
caption always '%{yb} %H %{k}|%L=%= %{w}%?%-Lw%45L>%?%{=b bR}[%{W}%n%f %t%?(%u)%?%{=b bR}]%{= bw}%?%+Lw%?%?%=%-30= %{k}|%{Y}%l%{k}|%{=b C} %m/%d %c %{W}'


Tuesday, May 4, 2010

Лазик хийлгэхээр хамтдаа явах хүн хайж байна

Хараа муутай байх хэцүү. Сурагч, оюутан ахуй үест сурлагад их нөлөөлдөг. Самбар дээрхийг хардаггүй хүн чинь ер нь л хичээлээс хоцрох талдаа. Ажил дээр гарсан хойно өөдөөс ирж яваа таньдаг хүнээ харахгүй өнгөрөөгөөд явуулчихна. Танил гайхаад л хоцорно.

Яг ийм бэрхшээлтэй хүмсийн нэг бол би. Энэ сарын сүүлээр лазик хийлгэхээр төлөвлөж байна. Үүргэвч үүрээд, хамт Энэтхэг явах хүн хайж байна. Ханиндаа явбал нь зэгсэн амар байх болов уу, бүр дөрвүүл тавуулаа явсан ч болох. Хэрэв та санаа нэгдэж байвал, эсхүл таних мэдэх тийм хүн байвал нь надтай холбогдоно уу. Цугаараа хямд зардлаар, эрүүл хараатай болоод ирье. Надтай batturjapan dot gmail dot com, эсхүл 8801-9892 утсаар холбогдож болно.

Очих эмнэлэг, хагалгааны үнэ хөлс, гарах зардлын талаар ойрын үед тодруулна. Тодорхой болохоор нь дахиад нэг пост болгоод оруулъя.

Wednesday, March 17, 2010

Тийм нэгэн дурсамж...

Цас мөсөн дээр гулгах сайхан. Салхи татуулаад л, цас манаргаад л, огцом шарваад л, харайгаад л... Дунд сургуулийн 2, 3 жилийг лав донтой юм шиг гулгаж өнгөрүүлсэн санаж байна. Гэр хороололд өссөн нэг үеийнхэн маань тэр аяаараа л цана чаргатай нөхөрлөсөн хүүхдүүд байдагсан. Хашаанаас гарч, хэд алхаад л гулгах талбай бэлэн байдаг байсан болохоор аргагүй ч биз дэ.

Манай урд дэнж дээр хүүхдүүд их гулгана. Машин яваад, цас нь дагтаршчихна. Огцом урууг хэлэх үү,гулгана гэдэг 300 км/ц хурдлах дайны юм болно. Талбай нарийхан, зам нь гөлгөр болохоор цанаар бус трубагаар гулгана. Бадриун төмрөөр тахийлган урласан нэг тийм унаа бараг хүүхэд бүрт нэжгээд байдагсан. Хоорондоо уралдана, шахалдана, харайна. Ар араасаа ухасгээд л зэрвэс харвал 10, 20-иод тэрэгтэй тээврийн цуваа шиг тахиралдаж мурилдаад л, дуу шуугаа авалцаад л сүйд гулгана. Урд нь ойчсон нэгнээ замын бөглөө гэж бусад нь гоочилход, битгий гуц! гэж өөдөөс нь мөчөөрхөнө. Тэгснээ пархийтэл инээлдэнэ. Том жижиггүй л өнөөх трубагаа үүрээд, бөөндөө дээшээ алхдагсан.

10 минут мацаад, 10 хан секунд гулгахыг юман чинээ тоодоггүй, даргивал даргичихдаг, тогловол тоглочихдог, тийм л хүүхдүүд байж дэ, бид.

Friday, February 26, 2010

Манлайллын хичээл буюу Бүжих залуу

Derek Sivers[1]-ийн "Leadership Lessons from Dancing Guy" нийтлэлийг орчуулан хүргэж байна. Энэ сэдэв болон орчуулгын талаарх санал шүүмжийг дуртайяа хүлээн авна.

(ШИНЭЧИЛСЭН: Өчигдөр TED Conference[2] дээр хийсэн 3 минутын энэ яриа маань нижигнэсэн алга ташилтаар мялаалга авсан!)



Транскрипт:
Хэрэв манлайлах, өөрчлөлт хийх талаар та олон зүйл мэддэг бол дээрх 3 минутын видеог эхнээс нь дуустал нэг үзээрэй.

Эхлээд балай харагдаж болох ч манлайлагч хүн ганцаар сөрөөд зогсох зүрх зоригтой байх хэрэгтэй. Түүний хийж байгаа үйлдэл их энгийн, хэдхэн л хөдөлгөөн байна. Энэ бол түлхүүр. Чамайг дагахад амархан байх ёстой!

Эхний дагагч ирлээ(маш чухал рольтой): энэ хүн бусдад хэрхэн дагахыг харуулж байна. Анзаарвал нь манлайлагч(бусдын бодлоор: балай хог) түүнийг өөртэйгээ тэнцүү хэмжээнд хүлээн авлаа, ингэснээр "хачин үйлдэл" зөвхөн манлайлагчийнх бус, тэдний үйл хэрэг боллоо, одоо тэд хоёул манлайлагч. 2 дахь залуу найз нараа нэгдэхийг уриалж байна. Анхны дагагч болоход мөн л зүрх зориг хэрэгтэй нь тодорхой байна! Чи дарамт сонжуурыг үл хайхран сөрөн зогсоно. Харамсалтай нь элдэв яриа, дүгнэлтүүд эхний дагагчийн үнэ цэнийг орхигдуулах нь олонтаа. Угтаа бол энэ хүн л солгой[3] зоригтонг жинхэнэ манлайлагч болгон хувиргадаг. Хэрвээ эхний хүнийг чулуу гэвэл хоёр дахь хүн галыг ноцоох оч нь болой.

2 дахь дагагч бол жинхэнэ эргэлтийн цэг: эхний дагагч амжилттай болсныг батлах нотолгоо. Одоо нэг солгойн хэрэг биш, бүр хоёроор тогтохгүй солгойн хэрэг боллоо. Гурван хүн бол бөөн бүлэг, бөөн бүлэг бол жинхэнэ сенсаци.

Өөрчлөлт нийтэд ил байх ёстой. Хөндлөнгийн үзэгчид зөвхөн манлайлагчийг бус өөр бусдыг ч харж байх нь чухал. Бүгд л хэн нэгдсэнийг сонирхоно, учир нь манлайлагч бус дагагчид л дагагчийг соронзоддог.

2 хүн нэмээд ирлээ, дараа нь 3, 4. Инерциэ жинхэнэ авч эхэлж байна да... Энэ бол шилжилтийн цэг. Өндрөө авлөө.

Хүн нэмэгдэх тусам, айдас улам багасна. Хэрэв хэдэн залуус хашаа тэгнээд сууж байсан бол, одоо тэдэнд нэгдэхгүй байх шалтгаан үгүй боллоо. Нэгдэхэд ондгой сондгой зүйл алга, түмний шившиг болно гэж айхын ч хэрэг алга. Хэдхэн минутын дараагаар бүх хүн бөөн бүлэгт орохыг хүснэ, учир нь нэгдэхгүй бол балай.

Ноёд, хатагтай нар аа! Өөрчлөлт хэрхэн явагддагийг бид үзлээ. Эндээс ойлгосон зүйлээ нэгтгээд нэг дүгнэе:

Хэрвээ та ганцаараа бүжиглэж байсан нүцгэн залуугийн нэг бол, эхэлж дагах цөөн хэдэн хүнд өөртэйгөө ижил тэнцүү ач холбогдол өг. Өөрийгөө дөвийлгөх биш, үйл явдлыг ил тод байлгахад анхаарал тавь.

Нээлттэй бай! Даган дуурайхад хялбар бай!

Гэхдээ эндээс нэг зүйлийг анзаарсан уу?

Манлайлал гэдгийг бид зөвхөн нэг хүний үйл хэрэг мэтээр тусгаж авдаг.

Хэдийгээр нүцгэн залуу энэ бүгдийг эхлүүлсэн, бүх гавъяа түүнд очиж байгаа ч, ягтаа юу болдгийг бид харлаа.

Солгой зоригтонг жинхэнэ манлайлагч болгодог эргэлтийн хүч бол эхний дагагч юм.

Эхний дагагчгүйгээр ямар ч өөрчлөлт, шинэчлэлт оршин байхгүй.

Манлайлагч нь байх хэрэгтэй гэдэг үгсийг бид хангалттай сонсож ирсэн, бүр улиг болтол ярьдаг, бодит байдал тэс өмнөө гэдгийг бид харлаа.

Ач холбогдол өгдөг зүйлдээ өөрчлөлт хийх жинхэнэ алхам бол зориг зүрхтэйгээр дагаж, бусдад хэрхэн нэгдэхийг харуулах явдал юм.

Хэрвээ хэн нэгэн солгой ямар нэгэн гайхалтай зүйлтэй ноцолдож байгаа бол нь сэтгэл, зориг зүрх гаргаад, хамтдаа хий, хамтдаа урагшил.


========================================
Тайлбар:
Эх нийтлэлд доорхи тайлбар багтаагүй бөгөөд уншигчдад ойлгомжтой байлгах үүднээс бичигдсэн болно. Эхийг эндээс унших боломжтой.

[1] Derek Sivers нь CD Baby-ийн үүсгэн байгуулагч гэдгээр олонд танигдсан. 1987 оноос мэргэжлийн хөгжимчин(мөн циркт алиалагч)-өөр ажиллаж байсан тэрээр өөрийн CD-г вебээрээ дамжуулан зарж байгаад, 1998 онд CD Baby-г үүсгэн байгуулсан, тун удалгүй найз нөхөд нь ч мөн CD-ээ заруулах болсон байна.

CD Baby нь 150,000 хөгжимчний бүтээлийг дэлгэж, 100 сая америк долларын борлуулалт хийснээрээ тухайн цаг үеийн хамгийн том хөгжмийн(бие даасан) бүтээл худалдаалагчид тооцогдож байлаа. 2003 онд World Technology Award шагнал авсных нь дараагаар Esquire сэтгүүл түүнийг оны "Best&Brightest" хүнээр нэрлэхийн сацуу, "Derek Sivers бол хөгжим худалдан авах, худалдаалах арга барилд хувьсгал хийж буй урлаг-бизнесийн гялалзсан од" хэмээн бичиж байв.

2008 онд тэрээр CD Baby компаниа зарж, хөгжимчид, урлагийнханд чиглэсэн шинэ бизнес эхлүүлсэн. Өдгөө тэрээр итгэлт нөхдийн хамтаар "MuckWork" компанийг удирдан авч явна. Түүний ажил, сүүлийн үеийн сонин сайхны талаар sivers.org сайтаас дуулах боломжтой.


[2] TED (Technology, Entertainment, Design) нь эрхлэн явуулдаг хурал цуглаанаараа олон танигдсан АНУ-н ашгийн бус байгууллага(хувийн) ба "түгээх учиртай санаа(ideas worth spreading)" урианд түшиглэн өдгөө Европ, Ази тив, мөн АНУ-д үйл ажиллагаа явуулж байна. Цуврал лекц буюу TED Talks нь интернэтэд өргөнөөр түгээгддэг ба лекторын хэн байхаас үл хамааран 18 минутын урттай байдаг. Эх сурвалж: Википедиа.

[3] Содон, хачин гэдэг утгаар хүлээн авахыг хүсч байна.

Wednesday, February 24, 2010

"Marketing" in a few words...

Зүгээр л хөгжилтэй санагдлаа:

You’re at a party and see a beautiful woman. You walk up to her and say, “I’m great in bed.” That’s Direct Marketing.

You’re at a party and see a beautiful woman. You ask your friend to walk up to her and say, “See that guy over there? He’s great in bed.” That’s Advertising.

You’re at a party and see a beautiful woman. You get her phone number from someone. The next day you call and say, “I’m great in bed.” That’s Telemarketing.

You’re at a party and see a beautiful woman. You comb your hair, straighten your tie, then ask if she’d like drink. You chat and joke with her throughout the evening, offer her a ride home, walk her to her door, then say, “By the way, I’m great in bed.” That’s Public Relations.

You’re at a party and see a beautiful woman. She walks up to you and says, “I know you. You’re the one who’s great in bed.” That’s Brand Recognition.

Эх сурвалж: Direct Creative Blog