Monday, July 27, 2009

Зураглаач болов оо, би ;)

Өвөл цөөн хэдэн сар томилолтоор Японд ажиллалаа. Токио хавийн өвлийг ч ямар өвөл гэхэв, цайрах цасны барааг тэнд ер нь харсангүй. Зуны ботинктой туусаар л байгаад ирлээ. Богино буюу 3 хүртэлх сарын хугацаагаар Японд ажиллаж амьдарвал нь их сонирхолтой, харин түүнээс жаахан удвал мань мэт нь баахан уйдах шинжтэй.

Эргээд бодоход зөв бодолтой, шижигнэсэн сайхан залуустай хамтран ажиллаж байжээ. Одоо ч тэдгээр эрхэм хүмүүстэй холбоотой байж, гэр орноор нь хааяадаа зочилж, мэнд устай явахыг боддог. Очих бүрт хоол цай болон, төрсөн дүү шигээ хүлээн авч, шөнө хугаслан элдвийг хөөрөх ах эгчтэй би ч азтай хүн юм. Гоби, Галаа, Батака, Очко нарын хүмүүс, тэдний гэр бүлийнхэнд би ер нь нэлээдгүй өртэй дэг.

12 сарын дундуур Гобийнд яваад очлоо. Бас л дайлуулж, цайлуулж, хүндэрсэн нь ойлгомжтой, ккк. Нөхөр нэг бандгар хар[1] юм авчихсан байна. Эргүүлж тойруулж, түүнийгээ тайлбарлана, зураг авч үзүүлнэ. Авсан зурагнууд нь ямар ч гоё юм, ямар ч тод юм. Бүр хорхой хүргэчихлээ. Хэд дарж үзэв. Тансаг!

Хэд хоногийн дараа нөхрөөс линк ирэхнээ, Вимомн.нэтэд[2] гэрэл зураг сонирхогчдын клуб байдаг аж. Бүртгүүлээд л авлаа. Фото зурагчдын зайлшгүй мэдэх ёстой онолоос авахуулаад, төрөл бүрийн хичээлүүдийг цуврал болгон системтэйгээр оруулжээ. Хичээл болгон даалгавартай, доор нь гишүүд авсан зургаа тайлбартай оруулснаар, сонирхолтой хэлэлцүүлэг энд тэндгүй өрнөж эхэлсэн байна. Клубын зохицуулагч нь английн хамгийн алдартай фото студид мэргэжлийн зурагчнаар ажиллах Эбэ[3] хэмээх монгол залуу байна. Гишүүд түүнийг багш аа хэмээн авгайлах ба нөхөр ч хүмүүсийн ур чадварт тааруулан маш гоё зөвлөмж бичих юм. Харин манай Гоби өсөх ирээдүйтэй мундаг зураглаач-сурагч болчихсон, фото сонирхогч дундаа ихэд нэр хүндтэйд тоогдоод бас ч гүй Токио хотоор фото экскурс зохион байгуулан, түмний манлайд гялалзаж яваа нь клубын үйл ажиллагаанаас тодхон харагдах ажээ.

За тэгээд, горхой хүрээд еөр болдоггүй. Нэг бандгар хартай болохоор шийдлээ... Амралтын өдөр дамнуулдан Амазон DSLR[4] хэсгийн сэтгэгдэл, дүгнэлтийг нэгийг үлдээлгүй шүүв. Уншиж уншиж төсөр үнэ, өндөр рэйтингтэйгээр нь Nikon D40-г[5] тоочигдлоо. Клубынхнаасаа энэ аппаратны талаар санал асуухаа бас мартсангүй. Үлэмж том плакат хэвлэх гээгүй л бол өндөр пиксельтэй аппарат төдийлөн шаардлагагүй гэнэ, DSLR л бол DSLR, зурагчны өөрийн техник ур дүй чухал. Тэгээд ч сайн гэрэл зургийг 100% гэвэл нь мэдрэмж-50%, гэрэл-40%, техник-10% хувийг нь бүрэлдүүлдэг юм байна. Ер нь эхлэн сурч байгаа хүн учиргүй үнэтэй аппарат хөөх нь амьдралдаа жолоо барьж үзэлгүйгээр Ламборгини худалдаж авахтай утга нэгэн гэнэ ээ. Би ч хайран Ламборгиниг яйрин ямбий болгоё гэж санасангүй D40-дээ сэтгэл ханалаа, ккк. (Ер нь D80, 90 авчих мөнгө байсийм болов уу? ;)

Нутаг буцахаас 2 долоо хоногийн өмнө, Sofmap[6]-аас хуучин D40 боди-г, 18-55mm, 55-200mm 2 линзийн хамтаар боломжийн хямд худалдаад авчихлаа. Дараад л эхлэнэ шүү дэ. Эхний оролдлогууд баахан бүтэлгүй. Зураг авах ч зугаа төдийхөн зүйл биш бололтой дог оо. Үүнээс хойш авсан хар аппаратаа өглөө оройгүй үнгэж явсаар өнөө shutter speed, focal, white balance-ийн уялдааг овоо гайгүй ойлгож эхэллээ.

Ингээд сав л хийвэл аппаратаа цүнхлээд, үүрч явдаг болов. Хүн хар эгнүүлж зогсоогоод, болсон болоогүй шархийлгээд яваад байхаар хавь ойрондоо зурагчин хэмээн тоогдох аястай. Хэдэн зуугаар нь патиар дараад, дарсандаа дүгнэлт хийгээд байхаар арга барил маань яах аргагүй тогтмол дээшилж байх шиг санагдана. Гэнэтийн тохиолдолд, ялангуяа гэрэл багатай орчинд хөрөг зураг дарахаар олигтой үр дүнд хүрэхгүй байх нь бас бий.

Өнгөрдөг 5 сард "Үзэмжит байгаль" нэртэй фото зургийн уралдаан вимомн.нэтэд зарлагдлаа. Клубынхан гайгүй идэвхитэй оролцож байна. Хаврын орог саарал өдрүүд, хангай дэлхий ногоорч амжаагүй үес, дөмөгхөн зураг авч чадахгүй л яваад байлаа. Нэг амралтын өдрөөр лагерийн хойд дэнж өгсөөд, жаал зураг дарлаа. Гурван зураг сонгож байгаад, уралдаанд өгснөөс "Баянголын ам өгсөөд, толгод тонгойх агшинд..." маань 2-р байрт шалгарчээ. Бөөн баяр. Клубын гишүүд баяр хүргэж, зурвас бичээд л, нэг хэсэг додигор суув.

"Баянголын ам өгсөөд, толгод тонгойх агшинд..."
Зураглаач: С.Баттөр

Саяхан уралдааны шагнал болох "The Digital Photography Handbook"[7] нэртэй сайхан номыг хүлээн авлаа. Эбэ багш маань урмын үгсээр хавтсыг нь мялаагаад, гарын үсгээ зуржээ. Их баяртай байна. Хамт ажилладаг, бас фото сонирхдог ах хүүд[8] номоо гайхуулж, хорыг нь жаал малтаад авахаа бас мартсангүй ээ гэж, ккк...

Ингээд Вимомн.нэтийн гэрэл зураг сонирхогч андууддаа их баярлалаа. Мөн намайг "уруу татсан" Гоби ахдаа талархъя ;)

Эцэст нь хэлэхэд, фото зургаар хичээллэх тун сонирхолтой юм байна. Шинэ газар орон үзнэ, шинэ хүмүүстэй танилцана. Мөн өмнө нь анзаардаггүй, хайхардаггүй байсан олон гайхалтай зүйлсийг эргэн таних, мэдрэх боломжийг олгоно. Ер нь залуу нас, аз жаргал, гэр бүл, хайр энэрэлийн торгон мөчийг гэрэл зурагт мөнхөлнө гэдэг өөрөө их буянтай үйл байх. Гэрэл зургаар хичээллэцгээе, залуус аа.

Үүнийг уншиж байгаа найз нөхөддөө өөрийн сурсан багахан мэдлэгээ хуваалцахад бэлэн байна. Аппарат дагалдах хэрэгслийн хувьд жаахан үнэтэй байж болох ч, алдаад туучихсан торгон мөчүүд түүнээс ч үнэтэй болох цаг үе ирэх ч юм бил үү, хэн мэдлээ. Ухаан алдам үнэтэй хөөрөг, хурдан морьноос л лав хамаагүй нийтлэг хобби нь лавтай. Дарсан зургаа бариад явахад дэлхийн хаана ч нэвтрэлцэх нь ойлгомжтой. Гэрэл зураг цаг хугацаа, орон зайг эгнэгт мөнхөлмой.

Миний болон журмын нөхдийн фото цоморлиг
============================================

Тайлбар
============================================
[1] Ихэнхи мэргэжлийн аппарат хар өнгөтэйн дээр, сонирхогчийнхоос овор хэмжээний хувьд хавьгүй том байдгаас ингэж нэрлэх болсон нь лавтай.

[2] Япон улсад сурч, ажилладаг монголчуудын дунд түгээмэл хэрэглэгдэх SNS сайт. Ер нь л халуун ам бүлийнхэн шүү. Сайхан охид бүсгүйчүүл олон байдаг шиг байна лэ, одоогийн байдлаар хэн нэгэнтэй нь танилцаж амжаагүй л явна, ккк...

[3] Эрдэнэбат. Мэргэжлийн зураглаач. Мэдлэгтэй, тулхтай энэ залуутай биечлэн уулзсан, ядахнаа зүсийг нь таних хүн манай клубт байхгүй л болов уу. Сайхан зөвлөгөө бичдэг ч, өөрийнхөө хөрөг болон авсан зургаа ер үзүүлдэггүй нууцлаг гайхал.

[4] A digital single-lens reflex camera (digital SLR or DSLR) is a digital camera that uses a mechanical mirror system and pentaprism to direct light from the lens to an optical viewfinder on the back of the camera. Эх сурвалж: Википедиа.

[5] DSLR ангилалдаа хамгийн хөнгөн нь. $450 орчимд 18-55mm линзтэй нь худалдаад авчихна. Гэрэл зураг дөнгөж сонирхож байгаа над шиг бойтогтой хүүхдүүдэд яг тохирох аппарат.

[6] Япондоо их олон салбартай, электрон барааны дэлгүүр. Токио, Акихабарад гэрэл зургийн хэрэгслээр дагнасан хуучин барааны(中古) дэлгүүр бий. Сонголт арвинтай, давгүй мухлаг байдаг шүү ;)

[7] The Digital Photography Handbook
Хажууд нь талархлын үгсээ байрлуулчихъя ;)

[8] Мундаг менежер, salesman. Түүний Flickr хуудсаар зочлоорой.

12 comments:

Battur Sanchin said...

6 сарын сүүлээр бичиж байгаад орхичихсон байсан пост. Гэрэл зургийн хувьд багахан косметик засвар хийсэн, ер нь зургийг байгаа чигээр нь гоё авч сурах хэрэгтэй гэсэн.

Battur Sanchin said...

Photographer гэдэг үгийг монгол хэл рүү юу гэж орчуулах вэ? Зураглаач? Зурагчин? Гэрэл зурагчин?

Таны бодлоор?

Өнөржаргал said...

Танд баяр хүргэе! Хэхэ би ч сурч, сурч дуусчихаад ажилд орно. Ажилд ороод цалин авна. Цалингаа хэрэглэнэ. Хэрэглээд илүү гарсны нь хуримтлуулна. Тэгээд мөнгө хуримтлагдахаар нь аппарат авна. Тэгээд нэг юм зураг авдаг хоббитой болно гэж боддийшт хаха. Тэр болтол ч хэдэн жил байна даа кк. Зураг авдаг болохоороо л танд хадаг барин шавь оръё хэхэ

Battur Sanchin said...

@Өнөржаргал
Баярлалаа. Зорих юм бол ч дорхноо л аппараттай болчих байх. Вимонэтийн гэрэл зураг сонирхогчдын клубт бүртгүүлээрэй, тэндээс зөндөө хэрэгтэй хичээл, хэлэлцүүлгийг олж үзэж болно. Ижил сонирхолтой хүмүүс бие биедээ маш сайн багш болдог нь тэндээс харагдана.

Найзуудтайгаа хааяадаа зөвхөн зураг авах гэж жижиг аялал зохион байгуулдаг, аппараттай болохоороо бидэнтэй нэгдээрэй ;)

Ochko said...

Амжилт хүсье. Дайчин хөдөлмөрч чанар чинь зурган дээр ч бас гарч ирж байгаа юм байна.

Battur Sanchin said...

@Маахай Л.Очирхуяг
Баярлалаа, итгэлийг тань дааж явна аа.

Pearle Deppsu said...

Тийн, дараа нь өнгийг нь засварлахгүйгээр зураг авч сурах хэрэгтэйн байна лээ. Гэхдээ засварлавал бүүр гоё өнгө нь тодорч ирээд л гоё болохоор юм билээ шүү.

Battur Sanchin said...

@Pearle Deppsu
Харин тийм ээ, яг оригоороо л гоё байхаар авч сурах хэрэгтэй юм билээ. Линзний урд углах янз бүрийн филтерүүд бас байна, PL төрлийнхийг хэрэглэж үзсэн, үнэхээр давгүй эффект өгөх болтой шүү.

Буяa said...

Би өчигдөр Linux InstallFest 2009 өдөрлөгт очиж таны илтгэлийг сонссон. Хэдий та би сайн ярьсангүй гэж өөрийгөө хэлсэнч тэнд байсан танхим дүүрэн хүн зөвхөн таныг бахархлын харцаар харж байлаа. Бас бага ч гэсэн атаархал төрснийг нуугаад яах вэ. Монголд маань ийм чадварлаг програмист байгаад би их бахархаж байна. Таны ажилд амжилт хүсье!

Battur Sanchin said...

@Buya

Урмын үгээр мялаасанд их баярлалаа. Олон хүний өмнө гэнэт гараад ирсэн чинь, багагүй барьц алдсан шүү. Ярианы хувьд эхлээд програм бичиж үзүүлээд, дараа нь түүнийгээ илтгэлийнхээ агуулгатай холбоод ярьсан бол илүү сонирхолтой болох байсан байх гэж сүүлд бодсон.

Хүргэх гэсэн санаагаа удахгүй баяжуулаад, энэ блогтоо тавина, тэхээр дахин блогоор минь зочлоорой.

Bolor toli said...

Би бас гэрэл зураг сонирхдог ухаантай. Тэгсэн эндээс их аятайхан клубын тухай олоод үзчихдэг. Гэвч Vimomn дээр бүртгүүлэхэд заавал урилга хэрэгтэй юм байна. Ганц урилга явуулж туслахгүй биз?

Battur Sanchin said...

@Bolor toli
Мэйл хаягаа над руу явуулаарай. Вимонэтийн урилга явуулъя. Миний хаяг профайлын цонхонд ил бий.