Tuesday, June 30, 2009

NERDTree: Vimд дурлагсдад зориулав

Юникс орчинд ажиллаж, амьдардаг хүмүүс ямар текст засварлагч ашиглаж байна вэ? Миний хувьд консоль хавиар нутаглаад бүтэн нэг жил болох гэж байна. Серверт гаднаас холбогдож програм бичдэг болохоор яах аргагүй CLI[1] бүхий текст засварлагчийг түлхүү ашиглана. Түг түмэн засварлагчаас харин алийг нь вэ?

Vim. Vi Improved. Үнэхээр супер програм. Ажил хөнгөвчлөх маш олон комбинаци, өргөтгөх боломж зэрэг нь сэтгэл ихээр татна. Бараг өдөр болгон шинэ комманд, shortcut-тай танилцаж байх аястай. Төдүй хэмжээгээр ч ажлын бүтээмж дээшлэх юм. Өнөөдрийн байдлаар би гэдэг хүн бүх боломжийнх нь лав 5 хүрэхтэй үгүйтэй %-ийг л ашиглаж байгаа. Тэгээд бодохоор, гүй э мөн дундаршгүй далай яа? Хакерууд Textmate[2] .vs. Vim хэмээн мөнхөд харьцуулан ярих нь аргагүй ч юм уу?

Анхлан Vimдэх үест хавтас дамжин файл засварлах нь их төвөгшөөртэй санагддаг. Байн байн cd хийж, файл хааж нээгээд байхаар, сүүлдээ түүндээ дадаад ч байх шиг. Тэгснээ үүнээ жаахан хялбаршуулж pushd цохиж баахан таваргах жишээтэй. Арай гайгүй болоод screen, Vim-ийн split, tabe зэргийг цохино.

Хэд хоногийн өмнөөс чөлөө цагаараа Rails-аар жижиг апп хийж эхлэв. Олон үе бүхий хавтасны бүтэцтэй, ийшээ тийшээ их шилжиж ажиллаж байгаа болохоор :tabe ~/path1/path2/path3/path4/yoohhh-finally-filename мэтээр удаа дараалан цохих үнэнхүү залхуутай болоод ирлээ. Vim-ийн файл брауз хийх олигтой плагин олдохгүй золтой Emacs[3] руу урвачихсангүй ;)

Явж явж NERDTree гэх плагины сургийг гаргав. Vim-full[4] дээр автоматаар суусан байдаг боловч, байгаа нь хуучин хувилбар нь юм байна. Шинийг нь эндээс татаж авч суулгаад, баруун солгойгүй ашиглаж эхлэх нь тэрээ. Одоо хавтас хооронд шилжиж, файл нээхээс амархан зүйл үгүй боллоо ;)


Тайлбар
=====================
[1] CLI - Command Line Interface. Товчгүй, хулганагүй, зөвхөн комманд цохиж ажиллах интерфэйс гээд ойлгоход болно. Дээр үеийн програмууд бүгд ийм интерфэйстэй байсан.

[2] Textmate - The Missing Editor for Mac OS X. Мак компьютерт суулгаж ашиглах боломжтой супер засварлагч. Миний хувьд ашиглаж байсан удаа байхгүй, МакВорлд-д бурхан Буддагаас ч илүү алдартай.

[3] Emacs - Extensible, customizable text editor—and more. Бас л ашиглаж үзээгүй. Очко сэнсэйн блогоос мөн нэг чимээгүй гигант болохыг мэдэж авсан.

[4] Линукст суусан ирдэг Vim нь цомхон, нэмэлт сангүй. Ойр зуурхан хэрэглэж байгаа хүмүүст бол Vi-ээс нэг их ялгагдахгүй, тийм ч болохоор амт нь мэдрэгдэхгүй. Мэдрэе гэвэл Убунтучид sudo apt-get install vim-full комманд өгөөд, хэрэглээд үзээрэй.

Төгсгөл
=====================
Vim сайн, харин бусад нь муу гэж огт хэлээгүйг минь анзаараарай ;) "Ямар засварлагч сэтгэлд тань хамгийн их ойрхон байнав, түүнийгээ сонгож аваад тултал нь ашиглаж сурахыг хичээгээрэй. Ингэвэл бүтээмжээ 200% нэмэгдүүлж чадна, харин юм юм рүү үсчээд байвал, юм юмны л дундуур болно." гэж ESR-ийн номноос бас уншиж байсан юм байна. Vim.Lovers-т амжилт хүсье.

5 comments:

Н.Цэцболд said...

Их хэрэгтэй эд байна. :-)

Маахай Л.Очирхуяг said...

Би ч заримдаа vi хэрэглэдэг л дээ. vim харин хэрэглэж байгаагүй. Олон янзын юм ашиглаж байхаар нэгийг сайн сурья гээд сүүлийн үед emacs сурч байгаа. одоохондоо ч shortcut уудыг нь л сурж эхлэж байх шиг байна. elisp-ийг нь сурчихвал харин юм бүхнийг дураараа гэсэн. Сайн emacsчин ер нь emacs-аасаа гаралгүй хамаг юмаа хийчдэг гэнэ лээ.

Emacs-ашигла гэсэн юм биш шүү, нэг юмаа сайн эзэмших нь чухал.

Амжилт!

Баттөр said...

@Цэцболд, @Очирхуяг

vim.org сайт дээр нэлээд хэдэн плагиныг best ангилалд оруулсан байна, мэдэх нь саяны NERDTree л болтой. Өөр бусдыг нь үзэхээрээ мөн жижиг тип оруулна аа. Коммент үлдээсэн та бүхэндээ баярлалаа.

Erdenee said...

Wow wow wow., Баттөр ахаа ямар гайхалтай эд вэ? NERDTree -ийг эхлээд хэрэглэхэд таб хооронд шилжихэд жаахан хэцүү байлаа ., Help -ийг нь жаал уншсаны эцэст одоо гайгүй боллоо., Над шиг хүнд их л хэрэгтэй плаги байна. Үргэлж шинийг эрэлхийлж, сурсан зүйлүүдээ зааж өгч хуваалцаж байдагт баярлалаа. Таныхаа ачаар их зүйлыг сурч байна даа дүү нь. хэ хэ хэ., Good Luck for your innovation

Tulga said...

VIM хэрэглэж байсангүй хааяахандаа vi хэрэглэдэг. Сүүлийн 2 сар emacs хэрэглэж сурах гээд оролдсон. Eclipse дээр нь билүү Netbeans дээр emacs-ийн зарим shortcut-уудыг ажиллуулдаг плагин гарсан байна лээ :), Ер нь миний бодлоор emacs нь програмчлалын хэлнүүдийнхээ документэйшнийг нь суулгачихдаг,auto-complete, нэг файлын контентыг 2 дэлгэц рүү гаргах, түг түмэн shortcut гээд их дажгүй санагдсан.