....Хэдэн жилийн өмнө Хятад руу гаргахаар зэхэж байсан вагонд гаалийнхан шалгалт хийхэд 40тоннын контэйнер дүүрэн ховор уран зохиолын номнууд гарчээ. Одоо бидний эрээд олддоггүй дээхэн үеийн мундаг зохиолч, орчуулагчдын гайхамшигтай бүтээлүүд зүгээр л урд хөршийн 00-ийн цаасны үйлдвэрт түүхий эд болон ачигдсан нь тэр байж. Тэр чигтээ гараад явчихсан бол, гөө мөн хайран аа. Магадгүй өмч хувьчлалаар номын сангийн барилгыг хувьчилж авсан нөхөр тавиур дүүрэн номоо яажшуухан хэдэн цаас болгох аргаа олж ядаж ядаж, эцэст нь урагш ачуулах "супер" шийдэл олсон нь тэр байх. Ачаа ч хураагдаж, хэдэн жилийн дараа арай сэтгэлтэй хүний ч гарт очиж. Номонд хорхойтой хүмүүс энэ хуудсаар нэг ороод гараарай.
Ингээд ном авсан өдрийнхөө оройноо "Жоор Оруэллийн Эзнээ сольсон нь"-ийг уншиж дуусгалаа. Бурангуй нийгэм, түүний үр урхагийн талаар энгийн үгээр, тун ч ёжтойхон бичсэн зохиол аж. Сайн ч орчуулсан байна.
Английн хөдөө тосгон, ноён Жонсын ферм. "Өөдгүй" архичдад зарагдсаар залхсан амьтад хувь заяандаа их л гутарцгаах аж. Мажор нэртэй бодон үхэхийн өмнө энэ насныхаа мөрөөдлийг амьтдад ярина. Бослого гаргаж, хүмсийг хөөж явуулаад бүх амьтад тэгш эрхтэйгээр, хувь заяагаа өөрсдөө мэдэж, баян цатгалан амьдрах тийм сайхан цаг үе хэзээ нэгэн цагт ирэх тухай хүүрнэнэ. Бодон өнгөрөөд удалгүй амьтад бослого гаргаж, фермийн хяналтыг гартаа авна. Бүх амьтад тэгш эрхтэй ба нэг амьтан нөгөөнхөө амийг хөнөөхгүй байх, ор хөнжил, хувцас хунарыг хэзээд хэрэглэхгүй гэх мэт 7 заалттай хуулийг бүх нийтээр батална. Өөрсдийгөө хамгийн ухаантай нь гэж тас мэлзэх гахайнууд удалгүй шийдвэр гаргах бүхий л эрх мэдлийг авах ба ферм тун аажмаар урьд байснаас ч бүр дор боолын газар болж хувирна. Бусад амьтад үүнийг эс анзаарах бөгөөд одоогийн нөхцөл байдал нь ямар ч болов Жонсын үеийнхээс хавьгүй дээр гэдэгт итгэсээр байх болно. Хуучин батласан хууль нь "Бүх амьтан тэгш эрхтэй, түүний дотор гахай бүр илүү тэгш эрхтэй" гэсэн марзан тунхаг болсныг хэн ч үл анзаарах ажгуу.
Зохиогч(1903-1950) тухайн үеийн Сталин, түүний тойрон хүрээлэгсдийн бий болгосон тоталитар тогтолцоог шүүмжилж ийн бичиж байжээ. Бүр номын баатруудаар тодорхой хүмүүсийг хүртэл төлөөлүүлсэн нь байх юм. Харин миний бодоход энэ номон дээрх бүх зүйл манай Монголд биежилтээ бүрэн олоод байгаа юм шиг... Төрийн албан тушаалыг хувьдаа урвуулан ашигладаг, хувийн компани шигээ ойлгодог ухнууд. Хүчээр дарамтлах олигархиуд, хүний амийг нохой хуцахын дайтай үл ойшоох муйхрууд. Дарлагдсаар, мунхарсаар нөхцөл байдалтайгаа нэгэнт эвлэрч эхлээд буй хүн зон. Ай да, гурвалжин дөрвөлжин алаг эрээн хорвоо юу?
Харин та юу гэж бодож байна?
========================================
Хавсралт:
- Зохиол нийт 10 бүлэгтэй ба, бүлэг тус бүрийг тун эвтэйхэн хураангуйлсныг эндээс үзэж болно: http://www.online-literature.com/orwell/animalfarm/
- Номын хавтасны зургийг тун удахгүй тавих болно ;)
7 comments:
Амьтад хувьсгалын замаар эрхээ олж авчээ. Хувьсгалыг толгойлсон, санаачилсан нь гахай төрөлтөн байсан болоод эрх мэдлийг өөрсөддөө төвлөрүүлж. Бид нар л хувьсгалыг удирдсан ухаантнууд учраас илүү эрх мэдэлтэй нь бид гэж үзэж л дээ.
Харин амьтад хувьсгал хийсэнд нь талархаад ханадаггүй тэд нарыг өргөмжлөөд л ...
Энэ нь л манайхтай адилхан юм даа кк.
Наполеон Снаубалл хоёр үзэл бодлын хувьд эвлэршгүй дайснууд. Снаубалл бүх нийтийн бүтээн байгуулалтыг чухалчилах бол, Наполеон залуу үеийг Анимализмын үзэл санаагаар хүмүүжүүлэхийг илүүд үзнэ. Нэг нь нөгөөнхөө хийснийг үргэлж шүүмжилж, унтрааж бусдад ярьмой.
Гэхдээ бүх амтат алим, тослог сүү зөвхөн гахайн тэжээлд зориулагдаж байх ёстой гэдэг дээр тэд аймшигтай санал нийлнэ. Учир нь шийдвэр гаргах нь үнэнхүү стрессний ажил бөгөөд, үхсэн эд эсээ сэргээхэд ямар нэгэн аминдэм зайлшгүй хэрэгтэй аж. Эд эсээ сэргээж байхгүй бол нь муу шийдвэр гарна, муу шийдвэр гарвал нь амьтад эргээд Жонсын эрхшээлд орох нигууртай ажугу.
Амьтад үүнд итгэнэ...
Гахайнууд зугуухан даварсаар...
Амьтад итгэсээр...
Амьдрал доройтсоор...
. . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . .
"All animals are equal but some animals are more equal than others" гэж авдаг нь үнэн зэвүүн
@Ochko sensei
Аа харин тийм. Баабар нарын хүмүүс энэ өгүүлбэрийг ишлэл болгож их бичдэгсэн.
Энгийн ойлгомжтой уг ёгт зохиол нь маш алдартай юм билээ. Амазон дээр лав мянга нэлээд гаруй хүмсийн санал шүүмж зөвхөн энэ номонд зориулагдсан байна лэ.
Дунд сургуулийн програмд "Аnimal Farm" орсон байдаг юм болов уу?
Манай дунд сургуулийн програм одоо орсон юм болов уу даа. Бас Жорж Орвелийн 1984 гоё шд.
chinii nomoo lag nyambaii havtasladag chini sanagdav hehehe, chamaig duuraij neg nomniihoo 4 bulang hatuu bolgon havtsaslasan ch tiim goyo boloogui yumdag hehe
@booyo
Сайн уу, my old deskmate!
10 жилд байхад ч номоо гүй мөн хайрладаг байж билээ. Одоо ч хавтаслахаа больсон, харин дээгүүр нь баахан сараачаад, хэрэгтэй өгүүлбэрийг тодруулаад, эрээн мяраан л болгодог болсон до.
За хичээл сурлагад чинь өндөр амжилт!
Post a Comment