Цас мөсөн дээр гулгах сайхан. Салхи татуулаад л, цас манаргаад л, огцом шарваад л, харайгаад л... Дунд сургуулийн 2, 3 жилийг лав донтой юм шиг гулгаж өнгөрүүлсэн санаж байна. Гэр хороололд өссөн нэг үеийнхэн маань тэр аяаараа л цана чаргатай нөхөрлөсөн хүүхдүүд байдагсан. Хашаанаас гарч, хэд алхаад л гулгах талбай бэлэн байдаг байсан болохоор аргагүй ч биз дэ.
Манай урд дэнж дээр хүүхдүүд их гулгана. Машин яваад, цас нь дагтаршчихна. Огцом урууг хэлэх үү,гулгана гэдэг 300 км/ц хурдлах дайны юм болно. Талбай нарийхан, зам нь гөлгөр болохоор цанаар бус трубагаар гулгана. Бадриун төмрөөр тахийлган урласан нэг тийм унаа бараг хүүхэд бүрт нэжгээд байдагсан. Хоорондоо уралдана, шахалдана, харайна. Ар араасаа ухасгээд л зэрвэс харвал 10, 20-иод тэрэгтэй тээврийн цуваа шиг тахиралдаж мурилдаад л, дуу шуугаа авалцаад л сүйд гулгана. Урд нь ойчсон нэгнээ замын бөглөө гэж бусад нь гоочилход, битгий гуц! гэж өөдөөс нь мөчөөрхөнө. Тэгснээ пархийтэл инээлдэнэ. Том жижиггүй л өнөөх трубагаа үүрээд, бөөндөө дээшээ алхдагсан.
10 минут мацаад, 10 хан секунд гулгахыг юман чинээ тоодоггүй, даргивал даргичихдаг, тогловол тоглочихдог, тийм л хүүхдүүд байж дэ, бид.