Tuesday, June 30, 2009

NERDTree: Vimд дурлагсдад зориулав

Юникс орчинд ажиллаж, амьдардаг хүмүүс ямар текст засварлагч ашиглаж байна вэ? Миний хувьд консоль хавиар нутаглаад бүтэн нэг жил болох гэж байна. Серверт гаднаас холбогдож програм бичдэг болохоор яах аргагүй CLI[1] бүхий текст засварлагчийг түлхүү ашиглана. Түг түмэн засварлагчаас харин алийг нь вэ?

Vim. Vi Improved. Үнэхээр супер програм. Ажил хөнгөвчлөх маш олон комбинаци, өргөтгөх боломж зэрэг нь сэтгэл ихээр татна. Бараг өдөр болгон шинэ комманд, shortcut-тай танилцаж байх аястай. Төдүй хэмжээгээр ч ажлын бүтээмж дээшлэх юм. Өнөөдрийн байдлаар би гэдэг хүн бүх боломжийнх нь лав 5 хүрэхтэй үгүйтэй %-ийг л ашиглаж байгаа. Тэгээд бодохоор, гүй э мөн дундаршгүй далай яа? Хакерууд Textmate[2] .vs. Vim хэмээн мөнхөд харьцуулан ярих нь аргагүй ч юм уу?

Анхлан Vimдэх үест хавтас дамжин файл засварлах нь их төвөгшөөртэй санагддаг. Байн байн cd хийж, файл хааж нээгээд байхаар, сүүлдээ түүндээ дадаад ч байх шиг. Тэгснээ үүнээ жаахан хялбаршуулж pushd цохиж баахан таваргах жишээтэй. Арай гайгүй болоод screen, Vim-ийн split, tabe зэргийг цохино.

Хэд хоногийн өмнөөс чөлөө цагаараа Rails-аар жижиг апп хийж эхлэв. Олон үе бүхий хавтасны бүтэцтэй, ийшээ тийшээ их шилжиж ажиллаж байгаа болохоор :tabe ~/path1/path2/path3/path4/yoohhh-finally-filename мэтээр удаа дараалан цохих үнэнхүү залхуутай болоод ирлээ. Vim-ийн файл брауз хийх олигтой плагин олдохгүй золтой Emacs[3] руу урвачихсангүй ;)

Явж явж NERDTree гэх плагины сургийг гаргав. Vim-full[4] дээр автоматаар суусан байдаг боловч, байгаа нь хуучин хувилбар нь юм байна. Шинийг нь эндээс татаж авч суулгаад, баруун солгойгүй ашиглаж эхлэх нь тэрээ. Одоо хавтас хооронд шилжиж, файл нээхээс амархан зүйл үгүй боллоо ;)


Тайлбар
=====================
[1] CLI - Command Line Interface. Товчгүй, хулганагүй, зөвхөн комманд цохиж ажиллах интерфэйс гээд ойлгоход болно. Дээр үеийн програмууд бүгд ийм интерфэйстэй байсан.

[2] Textmate - The Missing Editor for Mac OS X. Мак компьютерт суулгаж ашиглах боломжтой супер засварлагч. Миний хувьд ашиглаж байсан удаа байхгүй, МакВорлд-д бурхан Буддагаас ч илүү алдартай.

[3] Emacs - Extensible, customizable text editor—and more. Бас л ашиглаж үзээгүй. Очко сэнсэйн блогоос мөн нэг чимээгүй гигант болохыг мэдэж авсан.

[4] Линукст суусан ирдэг Vim нь цомхон, нэмэлт сангүй. Ойр зуурхан хэрэглэж байгаа хүмүүст бол Vi-ээс нэг их ялгагдахгүй, тийм ч болохоор амт нь мэдрэгдэхгүй. Мэдрэе гэвэл Убунтучид sudo apt-get install vim-full комманд өгөөд, хэрэглээд үзээрэй.

Төгсгөл
=====================
Vim сайн, харин бусад нь муу гэж огт хэлээгүйг минь анзаараарай ;) "Ямар засварлагч сэтгэлд тань хамгийн их ойрхон байнав, түүнийгээ сонгож аваад тултал нь ашиглаж сурахыг хичээгээрэй. Ингэвэл бүтээмжээ 200% нэмэгдүүлж чадна, харин юм юм рүү үсчээд байвал, юм юмны л дундуур болно." гэж ESR-ийн номноос бас уншиж байсан юм байна. Vim.Lovers-т амжилт хүсье.

Tuesday, June 23, 2009

Жоорж Оруэлл - Эзнээ сольсон нь

Хэд хоногийн өмнө 10,000 төгрөгөөр Жоорж Оруэлл - Эзнээ сольсон нь, Шолохов - Дөлгөөн Дон I,II, Жюль Верн -Дэлхийг тойрсон 80 хоног, Дашдэлэг, Октябрь нарын - Орон орны хоол зэрэг нэлээд хуучны номнууд худалдаж авлаа. Хэвлэгдээд өчнөөн жил болсон ч эдэлгээ нь харин шинээрээ шахуу юм, магадгүй хаа нэг аймгийн төвийн номын санд он удаан жил дарагдаж хэвтээ биз. Харин өнөө шинээр хэвлэгдсэн ганц ном л 15,000 төгрөг буюу эдгээрийг авдгаас хавьгүй үнэтэй байгаа.

Шинээр авсан номнууд

....Хэдэн жилийн өмнө Хятад руу гаргахаар зэхэж байсан вагонд гаалийнхан шалгалт хийхэд 40тоннын контэйнер дүүрэн ховор уран зохиолын номнууд гарчээ. Одоо бидний эрээд олддоггүй дээхэн үеийн мундаг зохиолч, орчуулагчдын гайхамшигтай бүтээлүүд зүгээр л урд хөршийн 00-ийн цаасны үйлдвэрт түүхий эд болон ачигдсан нь тэр байж. Тэр чигтээ гараад явчихсан бол, гөө мөн хайран аа. Магадгүй өмч хувьчлалаар номын сангийн барилгыг хувьчилж авсан нөхөр тавиур дүүрэн номоо яажшуухан хэдэн цаас болгох аргаа олж ядаж ядаж, эцэст нь урагш ачуулах "супер" шийдэл олсон нь тэр байх. Ачаа ч хураагдаж, хэдэн жилийн дараа арай сэтгэлтэй хүний ч гарт очиж. Номонд хорхойтой хүмүүс энэ хуудсаар нэг ороод гараарай.

Ингээд ном авсан өдрийнхөө оройноо "Жоор Оруэллийн Эзнээ сольсон нь"-ийг уншиж дуусгалаа. Бурангуй нийгэм, түүний үр урхагийн талаар энгийн үгээр, тун ч ёжтойхон бичсэн зохиол аж. Сайн ч орчуулсан байна.

Гол баатрууд

Английн хөдөө тосгон, ноён Жонсын ферм. "Өөдгүй" архичдад зарагдсаар залхсан амьтад хувь заяандаа их л гутарцгаах аж. Мажор нэртэй бодон үхэхийн өмнө энэ насныхаа мөрөөдлийг амьтдад ярина. Бослого гаргаж, хүмсийг хөөж явуулаад бүх амьтад тэгш эрхтэйгээр, хувь заяагаа өөрсдөө мэдэж, баян цатгалан амьдрах тийм сайхан цаг үе хэзээ нэгэн цагт ирэх тухай хүүрнэнэ. Бодон өнгөрөөд удалгүй амьтад бослого гаргаж, фермийн хяналтыг гартаа авна. Бүх амьтад тэгш эрхтэй ба нэг амьтан нөгөөнхөө амийг хөнөөхгүй байх, ор хөнжил, хувцас хунарыг хэзээд хэрэглэхгүй гэх мэт 7 заалттай хуулийг бүх нийтээр батална. Өөрсдийгөө хамгийн ухаантай нь гэж тас мэлзэх гахайнууд удалгүй шийдвэр гаргах бүхий л эрх мэдлийг авах ба ферм тун аажмаар урьд байснаас ч бүр дор боолын газар болж хувирна. Бусад амьтад үүнийг эс анзаарах бөгөөд одоогийн нөхцөл байдал нь ямар ч болов Жонсын үеийнхээс хавьгүй дээр гэдэгт итгэсээр байх болно. Хуучин батласан хууль нь "Бүх амьтан тэгш эрхтэй, түүний дотор гахай бүр илүү тэгш эрхтэй" гэсэн марзан тунхаг болсныг хэн ч үл анзаарах ажгуу.

Зохиогч(1903-1950) тухайн үеийн Сталин, түүний тойрон хүрээлэгсдийн бий болгосон тоталитар тогтолцоог шүүмжилж ийн бичиж байжээ. Бүр номын баатруудаар тодорхой хүмүүсийг хүртэл төлөөлүүлсэн нь байх юм. Харин миний бодоход энэ номон дээрх бүх зүйл манай Монголд биежилтээ бүрэн олоод байгаа юм шиг... Төрийн албан тушаалыг хувьдаа урвуулан ашигладаг, хувийн компани шигээ ойлгодог ухнууд. Хүчээр дарамтлах олигархиуд, хүний амийг нохой хуцахын дайтай үл ойшоох муйхрууд. Дарлагдсаар, мунхарсаар нөхцөл байдалтайгаа нэгэнт эвлэрч эхлээд буй хүн зон. Ай да, гурвалжин дөрвөлжин алаг эрээн хорвоо юу?

Харин та юу гэж бодож байна?

========================================
Хавсралт:
  • Зохиол нийт 10 бүлэгтэй ба, бүлэг тус бүрийг тун эвтэйхэн хураангуйлсныг эндээс үзэж болно: http://www.online-literature.com/orwell/animalfarm/
  • Номын хавтасны зургийг тун удахгүй тавих болно ;)

Friday, June 5, 2009

Sudo Make Me a Sandwich

Линукс програмчдад зориулав.
Эх сурвалж: 25 Best Programmer WebComic Strips

Sunday, January 4, 2009

The Memory Book

(vimomn.net-д 12 сарын сүүлээр бичсэн тэмдэглэл)

Саяын амралтын хоёр өдөр санах ой сайжруулах талаархи зөвлөмжтэй маш хөөрхөн ном нэгийг уншлаа. Аль дивангарын буюу 1974 оны хэвлэл байна, зохиогч нь Harry Lorayne & Jerry Lucas нар аж.

Солих, линкдэх болон peg системүүдийг ашиглаад ямар ч зүйлийг хялбархан тогтоож болдог юм байна, хамгийн гол нь тогтоох зүйлээ аль нэгэн сайн мэдэх зүйлтэйгээ холбоод зураг болгон төсөөлөх, оюундаа өнгө нэмэн дүрслэх явдал ажээ.

Өчигдөр гучин зургаан оронтой тоог гурван минутад цээжилж, араас урдаас нь шууд хэлж үзэв. Болж байна. Мөн 20 гадаад үг хэдхэн хоромд дэс дарааллаар нь тогтоогоод, яг тэд дэх үг нь тэр гээд хэлж чадаж байна лэ, сонирхолтой нь өнөөдөр ч тэднийг тод санаж байна. Бас календарь гэдэг зүйлийг огт ашиглахааргүй болов. Энэ мэт техникүүд бүгд энд бичигдсэн байна

Жишээ нь 2009 оны календарыг "Ertiid Ulmaa galiin och urdiish" гээд цээжилчихэж байгаам. Ухаан нь "Эртийдээр Улмаа улаан гараараа галын оч үрээд л, ид шидийн, бас аймаар байсан" байх нь гээд төсөөлчихнө. 2009 оны саруудын эхний ням гарагуудыг дээрх өгүүлбэр болгоод кодлосон нь энэ. r-4,t-1,l-5,m-3,7-k,2-n тоонуудыг арын үсэгнүүдэд нь харгалзуулаад өмнө нь цээжилсэн байх хэрэгтэй, жишээ нь 4-г four гэж бичдэг, сүүлийн үсэг нь r.m үсэг доошоо 3, n үсэг 2 шүдтэй ч гэдийм уу.

Үүнээс I-р сарын эхний ням гараг 4нд, II-р сарынх 1нд гэвэл 12 сарынх: 4-1-1 + 5-3-7 + 5-2-6 + 4-1-6 байдлаар тайлагдана. 2009 оны 1 сарын 5 бол Даваа гараг, 2 сарын 8 бол Ням гараг гэдэг нь эндээс харагдаж байна уу?

2010: 3-7-7 + 4-2-6 + 4-1-5 + 3-7-5
2009: 4-1-1 + 5-3-7 + 5-2-6 + 4-1-6
2008: 6-3-2 + 6-4-1 + 6-3-7 + 5-2-7

Өмнөх жилийн Ням гарагуудыг олохдоо сар бүрийнх дээр 1-ийг нэм, ирэх жилийнхийг олохдоо харин 1-ийг хасаарай. Өндөр жилийн хувьд анхаарах жижиг зүйл бол бий, та бүхэн гярхай харвал анзаарна.

Манай ангийн хүүхэд энд тэнд санах ойн олимпиадад оролцоод шаггүй амжилттай яваа, дээр ирээд сонин ярихаар нь энэ талаар судлаж үзвэл их зүгээр юм байна гэж бодож байлаа. Хачир болгож ярихад саяын уншдаг ном их хуучин ном, Яманотэ шугам, Эбису экинээс жаахан яваад Good Day Books нэртэй англи хуучин номын дэлгүүр байна лэ, тэндээс авсийм. Номоо wishlist-д бүртгүүлчихээр, олоод мэйл биччих юм билээ. Токио дахь хамгийн том англи номын дэлгүүр гэсэн шүү ;)

Саруул, сэргэг санах ойн төлөө!

Monday, November 24, 2008

Итгэлийн хурд

Aрлын Наран улсаас бичиж сууна. Ирэх болгондоо заавал очдог газар маань Шинжуку дэх Кинокүния номын их дэлгүүр. Түгдрэлгүй уншихаар төвшинд япон хэл маань одоохондоо хүрээгүй тул англи ном хэрэгцээндээ тааруулаад авна. Энд мэргэжлийн чиглэлийн ном үнэ өндөр байхад, текстбүүк, пэпербэк ер нь хямд талдаа. Сар хагасын өмнө
  1. Design Patterns in Ruby
  2. Founders at Work
  3. The Speed of Trust
зэрэг номнууд авсны гурав дахийг нь өчигдөр уншиж дуусгалаа. Агуулга сайтай, сургамжтай, прагматик уг номыг Stephen M.R. Covey болон Rebecca R.Merill нар хамтран бичиж, 2006 онд олны хүртээл болгожээ. Тэмдэглэн авсан цөөн хэдэн өгүүлбэрүүд. . .

“Widespread distrust in a society . . . imposes a kind of tax on all forms of economic activity, a tax that high-trust societies do not have to pay.” – Francis Fukuyama
(Багцаалдан орчуулбал: “Өндөр-итгэлцэл бүхий нийгэмд төлөх шаардлагагүй таксыг итгэлцэл унасан газар эдийн засгийн бүхий л харилцаан дээрээ нэмж төлсөөр байдаг.” – Франсис Фукуяама)

“Үл итгэлцэл нь эдийн засгийн харилцаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, хүн хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, шийдвэр, ер нь хүний амьдралын бүхий л орон зайд чөдөр тушаа болдог.“ – Стифэн М.Р. Кови

Британийн социологич Дэвид Хэлперний судалгаагаар нийт Америкчуудын 34% нь ямар нэгэн байдлаар бусдад тээнэгэлзэлгүй итгэж чадах бол энэ тоо латин америкт 23%, африкт 18%, түүнчлэн 4 үеийн өмнө энэ үзүүлэлт Их Британид 60% байснаа өдгөө 29% хүртлээ буурсан үзүүлэлттэй гарчээ. Сайн мэдээ нь Скандинавын орнуудад(Дани, Швед, Норвеги, Голланд) хамгийн өндөр буюу 68%-тай байгаа бол Мексик 1983 оны байдлаархи 19%-иас өдгөө 31%-д хүрсэн нь нийгмийн итгэлцүүрийг өсгөж болдгийг харуулж байна.
(Монгол минь хэдэн хувьтай бол? Өгсөж явна уу, уруудаж явна уу? Хүн бүрийн оролцоо юу байх вэ?)

Хурд болон өртөг нь итгэлцэл ямар байхаас шууд хамаараалтай хоёр хэмжигдхүүн. Итгэлцэл бага газарт хурд удаан, өртөг өндөр байдаг.

↓ Итгэлцэл = ↓ Хурд ↑ Өртөг

Харин итгэлцэл өндөр газарт хурд нэмэгдэн, өртөг буурдаг.

↑ Итгэлцэл = ↑ Хурд ↓ Өртөг

9/11-ний террорист халдлагын дараагаар америкийн агаарын тээврээр аялагчдын аюулгүй байдалдаа итгэх итгэл үлэмж хувиар уналаа. Онгоцонд алан хядлага үйлдэх заналхийлэл оршсоор байтал аюулгүйн баталгаа гаргах хяналтын систем зохих ёстой хэмжээнд хүчтэй байж, таслан зогсоож чадаагүйг тэр үед хүн бүр анзаарсан байх. 9/11-ээс өмнө онгоц хөөрөхөөс хагас цагийн өмнө ирээд, шалгалтаар төвөггүй түргэн нэвтэрдэг байтал уг хар өдрөөс хойш хяналтын түмэн процедур нэмэгдсэний дүнд нисэх нь үндсэндээ удаан, өндөр зардалтай тээвэр болон хувирлаа. Орон нутгийн нислэгийн хувьд онгоц хөөрөхөөс цаг хагасын өмнө, олон улсын нислэгийн хувьд 3 цагийн өмнө очиж байж онгоцонд суух жишээтэй . Нислэгийн билет бүрт аюулгүйн такс шингээстэй(нэмэгдэлтэй) боллоо. Хэдийгээр эдгээр хяналтын процедурууд маш чухал гэдгийг яриангүй хүлээн зөвшөөрч байгаа ч, өмнө ярьсан зүйлс: “Итгэлцэл унасан газар хурд багасч, өртөг өсдөг.” нь эндээс ил харагдаж байна.
(Хүн бүр, пүүс компани бүр хэрэглэсэн цахилгаанаа ном ёсоор нь төлдөг бол, хулгайн цахилгааны өртгийг төлдөг хэдэд нь хавтгайлан нялзаах шаардлага гарахгүйсэн, тэхээр 1кв цахилгааны үнэ хэд болж хямдрах бол? Хүн бүр хэрүүл уруулгүй билетээ аваад автобусаар зорчдог байсан бол, заавал кондуктор хүн ажиллах хэрэгтэй юу? Хэрвээ тийм бол тээврийн өртөг хэдүй хэмжээнд буух бол? Эд материалын болон итгэл найдварын хулгай дээрэм манай улсад ямар хэмжээний өртөг дагуулж байна вэ?)

- - - - - - - - -
Итгэлцэл нь ихэнхи хүний хувьд үл үзэгдэх хэмжигдхүүн. Бидний амьдрал, ажил үйлс, хамт олон, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлдгийг тэр болгон анзаардаггүй. Уламжлалт бизнесийн томъёонд стратеги үржих нь гүйцэтгэл тэнцүү үр дүн:
S x E = R
(Strategy times Execution equals Results)
Үнэндээ энэ томъёонд үл харагдах хэмжигдхүүн-Итгэлцэл бүрэлдүүн болон орох ажээ. Энэ нь бага тохиолд такс болох тул үр дүн багасна, өндөр тохиолд үржвэр болох тул бодит үр дүн дээшлэнэ.
(S x E)T = R
([Strategy times Execution] multiplied by Trust equals Results)
Энгийн математик гаргалгаа:
(Хэдийгээр цээжээрээ сөрж, зам гарган хошуучлах нь асар их дарамттай ч, хүн шиг хүмүүс эрх мэдлийг зөв зүйтэй жолоодвол ард бид хэрхэн дэмжиж, уухай түрэн хүч нэмэх байсан бол? Үржвэр хэдэн хувьтай байх бол? Ммм..... маш буруу хандлага байна уу, хүрсний хойно дэмжинэ гэдэг?)

Without trust, there is no open society, because there are not enough police to patrol every opening in an open society. Without trust, there can also be no flat world, because it is trust that allows us to take down walls, remove barriers, and eliminate friction at borders. Trust is essential for a flat world. . . .
Thomas Friedman, Columnist, New York Times

(Маш сонирхолтой ном тул та бүхний таалалд лавтайяа нийцнэ гэж найдаж байна. Хэлсэн хийсэндээ эзэн нь болж явах ямар чухал үр дүн дагуулдгийг энэ номноос ойлгосон. Ингээд жижигхэн тэмдэглэлээ уг номын нэгэн ишлэлээр төгсгөе. Дараа боломж гарвал Фрэнсис Фукуяамагийн Trust - The Social Virtues and the Creation of Prosperity номыг уншиж, тэмдэглэл хөтлөнө өө, танд баярлалаа.)

<====
A great example of congruence is Mahatma Gandhi. At one point in his life, he was invited to speak before the House of Commons in England. Using, no notes, he spoke for two hours and brought an essentially hostile audience to a rousing standing ovation. Following his speech, some reporters approached his secretary, Mahadev Desai, incredulous that Gandhi could memorize his audience for such a long time with no notes, Desai responded:

“What Gandhi thinks, what he feels, what he says, and what he does are all the same. He does not need notes. . . . You and I, we think one thing, feel another, say third, and do a fourth, so we need notes and file to keep track.”

Gandhi was not only congruent within himself, he was also congruent with the principles he stood for. Not only did he have roots, he had a taproot that plunged deep into the reservoir of timeless principles that govern in life.
====>