(ШИНЭЧИЛСЭН: Өчигдөр TED Conference[2] дээр хийсэн 3 минутын энэ яриа маань нижигнэсэн алга ташилтаар мялаалга авсан!)
Транскрипт:
Хэрэв манлайлах, өөрчлөлт хийх талаар та олон зүйл мэддэг бол дээрх 3 минутын видеог эхнээс нь дуустал нэг үзээрэй.
Эхлээд балай харагдаж болох ч манлайлагч хүн ганцаар сөрөөд зогсох зүрх зоригтой байх хэрэгтэй. Түүний хийж байгаа үйлдэл их энгийн, хэдхэн л хөдөлгөөн байна. Энэ бол түлхүүр. Чамайг дагахад амархан байх ёстой!
Эхний дагагч ирлээ(маш чухал рольтой): энэ хүн бусдад хэрхэн дагахыг харуулж байна. Анзаарвал нь манлайлагч(бусдын бодлоор: балай хог) түүнийг өөртэйгээ тэнцүү хэмжээнд хүлээн авлаа, ингэснээр "хачин үйлдэл" зөвхөн манлайлагчийнх бус, тэдний үйл хэрэг боллоо, одоо тэд хоёул манлайлагч. 2 дахь залуу найз нараа нэгдэхийг уриалж байна. Анхны дагагч болоход мөн л зүрх зориг хэрэгтэй нь тодорхой байна! Чи дарамт сонжуурыг үл хайхран сөрөн зогсоно. Харамсалтай нь элдэв яриа, дүгнэлтүүд эхний дагагчийн үнэ цэнийг орхигдуулах нь олонтаа. Угтаа бол энэ хүн л солгой[3] зоригтонг жинхэнэ манлайлагч болгон хувиргадаг. Хэрвээ эхний хүнийг чулуу гэвэл хоёр дахь хүн галыг ноцоох оч нь болой.
2 дахь дагагч бол жинхэнэ эргэлтийн цэг: эхний дагагч амжилттай болсныг батлах нотолгоо. Одоо нэг солгойн хэрэг биш, бүр хоёроор тогтохгүй солгойн хэрэг боллоо. Гурван хүн бол бөөн бүлэг, бөөн бүлэг бол жинхэнэ сенсаци.
Өөрчлөлт нийтэд ил байх ёстой. Хөндлөнгийн үзэгчид зөвхөн манлайлагчийг бус өөр бусдыг ч харж байх нь чухал. Бүгд л хэн нэгдсэнийг сонирхоно, учир нь манлайлагч бус дагагчид л дагагчийг соронзоддог.
2 хүн нэмээд ирлээ, дараа нь 3, 4. Инерциэ жинхэнэ авч эхэлж байна да... Энэ бол шилжилтийн цэг. Өндрөө авлөө.
Хүн нэмэгдэх тусам, айдас улам багасна. Хэрэв хэдэн залуус хашаа тэгнээд сууж байсан бол, одоо тэдэнд нэгдэхгүй байх шалтгаан үгүй боллоо. Нэгдэхэд ондгой сондгой зүйл алга, түмний шившиг болно гэж айхын ч хэрэг алга. Хэдхэн минутын дараагаар бүх хүн бөөн бүлэгт орохыг хүснэ, учир нь нэгдэхгүй бол балай.
Ноёд, хатагтай нар аа! Өөрчлөлт хэрхэн явагддагийг бид үзлээ. Эндээс ойлгосон зүйлээ нэгтгээд нэг дүгнэе:
Хэрвээ та ганцаараа бүжиглэж байсан нүцгэн залуугийн нэг бол, эхэлж дагах цөөн хэдэн хүнд өөртэйгөө ижил тэнцүү ач холбогдол өг. Өөрийгөө дөвийлгөх биш, үйл явдлыг ил тод байлгахад анхаарал тавь.
Нээлттэй бай! Даган дуурайхад хялбар бай!
Гэхдээ эндээс нэг зүйлийг анзаарсан уу?
Манлайлал гэдгийг бид зөвхөн нэг хүний үйл хэрэг мэтээр тусгаж авдаг.
Хэдийгээр нүцгэн залуу энэ бүгдийг эхлүүлсэн, бүх гавъяа түүнд очиж байгаа ч, ягтаа юу болдгийг бид харлаа.
Солгой зоригтонг жинхэнэ манлайлагч болгодог эргэлтийн хүч бол эхний дагагч юм.
Эхний дагагчгүйгээр ямар ч өөрчлөлт, шинэчлэлт оршин байхгүй.
Манлайлагч нь байх хэрэгтэй гэдэг үгсийг бид хангалттай сонсож ирсэн, бүр улиг болтол ярьдаг, бодит байдал тэс өмнөө гэдгийг бид харлаа.
Ач холбогдол өгдөг зүйлдээ өөрчлөлт хийх жинхэнэ алхам бол зориг зүрхтэйгээр дагаж, бусдад хэрхэн нэгдэхийг харуулах явдал юм.
Хэрвээ хэн нэгэн солгой ямар нэгэн гайхалтай зүйлтэй ноцолдож байгаа бол нь сэтгэл, зориг зүрх гаргаад, хамтдаа хий, хамтдаа урагшил.
========================================
Тайлбар:
Эх нийтлэлд доорхи тайлбар багтаагүй бөгөөд уншигчдад ойлгомжтой байлгах үүднээс бичигдсэн болно. Эхийг эндээс унших боломжтой.
[1] Derek Sivers нь CD Baby-ийн үүсгэн байгуулагч гэдгээр олонд танигдсан. 1987 оноос мэргэжлийн хөгжимчин(мөн циркт алиалагч)-өөр ажиллаж байсан тэрээр өөрийн CD-г вебээрээ дамжуулан зарж байгаад, 1998 онд CD Baby-г үүсгэн байгуулсан, тун удалгүй найз нөхөд нь ч мөн CD-ээ заруулах болсон байна.
CD Baby нь 150,000 хөгжимчний бүтээлийг дэлгэж, 100 сая америк долларын борлуулалт хийснээрээ тухайн цаг үеийн хамгийн том хөгжмийн(бие даасан) бүтээл худалдаалагчид тооцогдож байлаа. 2003 онд World Technology Award шагнал авсных нь дараагаар Esquire сэтгүүл түүнийг оны "Best&Brightest" хүнээр нэрлэхийн сацуу, "Derek Sivers бол хөгжим худалдан авах, худалдаалах арга барилд хувьсгал хийж буй урлаг-бизнесийн гялалзсан од" хэмээн бичиж байв.
2008 онд тэрээр CD Baby компаниа зарж, хөгжимчид, урлагийнханд чиглэсэн шинэ бизнес эхлүүлсэн. Өдгөө тэрээр итгэлт нөхдийн хамтаар "MuckWork" компанийг удирдан авч явна. Түүний ажил, сүүлийн үеийн сонин сайхны талаар sivers.org сайтаас дуулах боломжтой.
[2] TED (Technology, Entertainment, Design) нь эрхлэн явуулдаг хурал цуглаанаараа олон танигдсан АНУ-н ашгийн бус байгууллага(хувийн) ба "түгээх учиртай санаа(ideas worth spreading)" урианд түшиглэн өдгөө Европ, Ази тив, мөн АНУ-д үйл ажиллагаа явуулж байна. Цуврал лекц буюу TED Talks нь интернэтэд өргөнөөр түгээгддэг ба лекторын хэн байхаас үл хамааран 18 минутын урттай байдаг. Эх сурвалж: Википедиа.
[3] Содон, хачин гэдэг утгаар хүлээн авахыг хүсч байна.